Гидравлик цилиндр гоожиж байна уу? 6 гол шалтгаан, юу хийх вэ
Гидравлик цилиндр гоожих хамгийн түгээмэл шалтгаан бол элэгдсэн эсвэл гэмтсэн сальник. Гэхдээ зөвхөн сальник солиход хангалтгүй тохиолдол олон: голын гадаргуу зурагдсан, тос бохирдсон, материал нь температурт тохироогүй, сальник буруу суусан, эсвэл техникт хэт их ачаалал өгсөн бол шинэ сальник ч удахгүй дахин гоожино. Тиймээс эхлээд шалтгааныг нь олох хэрэгтэй.
Эхлээд: гоожилт хаанаас гарч байна вэ?
Цилиндрийн гоожилт хоёр төрөл байдаг. Аль нь болохыг ялгавал аль сальник гэмтснийг тааж болно.
- Гадагшаа гоожих. Голын дагуу тос гарч, голын гадаргуу дээр тосон цагираг үлдэнэ, цилиндрийн тагны орчимд тос, шороо наалдана. Ихэвчлэн голын сальник эсвэл арчих сальник гэмтсэн байдаг.
- Дотроо гоожих. Гадна тос харагдахгүй ч цилиндр ачаалал дор аажмаар суух, хүч нь сулрах, хөдөлгөөн удаашрах шинж илэрнэ. Энэ нь тос бүлүүрийн хажуугаар нэг хөндийгөөс нөгөө рүү шилжиж байгаа, өөрөөр хэлбэл бүлүүрийн сальник элэгдсэний шинж.
Дотоод гоожилт гаднаас харагддаггүй тул техник сул, удаан болсныг насос муудсан гэж андуурах тохиолдол бий. Насос солихоос өмнө цилиндрийн сальникийг шалгуулаарай.
6 гол шалтгаан
1. Сальник хуучирч элэгдсэн
Сальник бол элэгддэг эд анги. Цаг хугацаа, даралт, халалтын улмаас резин, полиуретан хатуурч, хагарч, уян чанараа алддаг. Хуучин сальникийг гаргаж үзэхэд ирмэг нь мохоо, хавтгай болсон, хагарсан эсвэл хатуурсан байвал солих цаг болсон гэсэн үг.
2. Голын гадаргуу гэмтсэн
Голын хром бүрээс зурагдсан, хууларсан, зэврэсэн, эсвэл гол бага зэрэг нугарсан бол шинэ сальникийг ч богино хугацаанд гэмтээнэ. Сальник солихдоо голыг гэрэлд эргүүлж харж, хумсаараа илж шалгаарай. Хумсанд тээглэх зураас байвал голыг засуулах эсвэл солих шаардлагатай.
Харин гол жигд элэгдсэн, гүн зураасгүй бол голоо солихгүйгээр бодит хэмжээнд нь тааруулсан сальник хийлгэж болно. Энэ талаар элэгдсэн голд сальник хийлгэх нийтлэлээс уншина уу.
3. Тос бохирдсон
Арчих сальник гэмтэхэд гол буцаж орохдоо шороо, тоос, шаврыг цилиндр дотор дагуулж оруулна. Тосонд орсон жижиг хатуу хэсгүүд зүлгүүр шиг ажиллаж, сальник болон голыг хоёуланг нь элэгдүүлдэг. Уул уурхай, барилгын тоостой орчинд энэ нь хамгийн түгээмэл шалтгаануудын нэг.
Арчих сальникийг цагт нь солих, гидравлик тос болон шүүлтүүрийг заасан хугацаанд нь солих нь бусад сальникийн насыг уртасгана.
4. Материал нь температурт тохироогүй
Монголын өвлийн −30…−40 °C хүйтэнд энгийн резин, полиуретан хатуурч, уян чанараа алддаг. Иймээс техникийг хүйтэнд асаагаад шууд ачаалал өгөхөд гоожилт эхэлдэг. Эсрэгээрээ, тос хэт халдаг газар энгийн сальник хурдан хатуурч хагардаг.
Шийдэл нь ажлын нөхцөлд тохирсон материал сонгох. Жишээ нь хүйтэн нөхцөлд LT-PU (−50 °C хүртэл), халуун тос, химийн орчинд FPM (+220 °C хүртэл) тохиромжтой. Бүх материалын харьцуулалтыг материалын хүснэгтээс харна уу.
5. Буруу хэмжээ эсвэл буруу суурилуулалт
Хэмжээ нь бага зэрэг зөрсөн сальник эхэндээ гоожихгүй байж болох ч хурдан элэгдэнэ. Суурилуулах үед сальникийг мушгих, голын утас эсвэл хурц ирмэг дээгүүр хамгаалалтгүй гулсуулж зүсэх, урвуу харуулж суулгах нь шинэ сальникийг эхний өдрөөс гэмтээдэг алдаа.
Хэмжээг хэрхэн зөв авах талаар сальникийн хэмжээ хэмжих заавраас уншина уу.
6. Хэт их ачаалал, цохилт
Техникийг даацаас нь илүү хүнд зүйл өргүүлэх, ачуулж тээвэрлэх нь цилиндрийн даралтыг зохион бүтээсэн хэмжээнээс давуулдаг. Ковшоор чулуу цохих, ачаатай машин барзгар замаар явах, ачааг огцом унагах зэрэг цохилтын ачаалал ч гэнэтийн даралтын үсрэлт үүсгэнэ. Ийм үед сальник ховилоосоо шахагдан гарч, ирмэг нь зажлагдаж, дотроо урагдаж гэмтдэг. Гаднаас нь харахад сальник шинэ хэвээр байж болох ч дотроо гоожиж эхэлнэ.
Техникийн даацын хязгаарыг баримтлах нь хамгийн сайн хамгаалалт. Хүнд, цохилттой ажилд байнга ашигладаг техникт өндөр даралт даах материал (HPU-95, C-HPU-96 гэх мэт), тулах цагираг бүхий сальник тохиромжтой. Хуучин сальникийн ирмэг зажлагдсан, хэсэг нь тасарсан байвал энэ шалтгааныг сэжиглээрэй.
Цилиндр гоожиж эхэлбэл юу хийх вэ
- Голыг цэвэрлээд ажигла. Голыг арчаад цилиндрийг хэдэн удаа ажиллуулж, тос яг хаанаас гарч байгааг тогтоо.
- Зөвхөн тос нэмээд явахгүй байх. Тос нэмэх нь түр арга. Гоожилт ихсэх тусам шороо орж, гол болон бусад эд анги гэмтэнэ.
- Голыг шалга. Зураас, хром хуулралт, зэв, нугаралт байгаа эсэхийг хар.
- Иж бүрнээр нь соль. Нэг сальник гэмтсэн бол бусад нь ч адилхан насжсан байдаг. Голын, бүлүүрийн, арчих сальник, чиглүүлэгч цагирагийг хамт солих нь дахин задлах зардлыг хэмнэнэ.
- Хуучин сальникаа хаяхгүй байх. Хуучин сальник бол шинийг яг тааруулж хийх хамгийн сайн дээж.
Өвлийн зөвлөгөө. Хүйтэнд техникээ асаасны дараа гидравликийг хэдэн минут ачаалалгүй ажиллуулж тосыг халаагаарай. Хүйтэн, өтгөн тос, хатуурсан сальник дээр шууд их даралт өгөх нь сальник гэмтэх нийтлэг шалтгаан.
Сийл Жет хэрхэн тусалдаг вэ
Бид 2003 оноос хойш Улаанбаатарт сальникийг Австри CNC машинаар хийж байна. Хуучин сальник эсвэл эд ангиа авчирвал хэмжээг нь газар дээр нь авч, ажлын нөхцөлд тохирох материалыг 60 төрлөөс сонгож, 1–24 цагт бэлэн болгоно. Стандарт бус хэмжээ, ганц ширхэг захиалга ч хийнэ.
Түгээмэл асуулт
Цилиндрийн сальник хэр удаан ажилладаг вэ?
Ажлын нөхцөл, тосны цэвэр байдал, температураас хамаарч маш өөр. Тоостой, хүйтэн нөхцөлд ажилладаг техникийн сальник илүү хурдан элэгдэнэ. Гоожилт гарах, хүч сулрах шинж илэрмэгц шалгуулах нь зөв.
Зөвхөн гоожиж буй нэг сальникийг солиход болох уу?
Болно, гэхдээ бусад сальник ч ижил хугацаанд ажилласан тул удахгүй гоожих магадлалтай. Цилиндрийг задалсан үед бүх сальникийг иж бүрнээр нь солих нь дахин задлах зардлыг хэмнэнэ.
Цилиндр ачаалал дор суугаад байгаа ч гадна тос алга. Юу болсон бэ?
Ихэвчлэн бүлүүрийн сальник элэгдэж, тос цилиндр дотроо нэг хөндийгөөс нөгөөд шилжиж байна. Хуваарилагч, клапан гэмтсэн байж ч болно. Цилиндрийг задалж, бүлүүрийн сальникийг шалгах хэрэгтэй.
Сальник хийлгэхэд хэр удах вэ?
Сийл Жетэд машины тохируулга 10–15 минут, нэг сальникийг зүсэх 0.5–5 минут болно. Ажлын ачааллаас хамаарч 1–24 цагт бэлэн болдог.